Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Баянзүрх дүүргийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Баянзүрх дүүргийн удирдлагууд мэдээлэл хийлээ

2017-03-29

     Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тогтмол зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагаар Баянзүрх дүүргийн удирдлагууд оролцож, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

     Нийслэлийн Баянзүрх дүүрэг 331,536 хүн амтай. Дүүргийн 28 хороонд 8,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 24 мянган өндөр настан амьдарч байна. Монгол Улсын нийт хүн амын 11 орчим хувь нь оршин сууж, 2014, 2015 оны нийслэлийн Шилдэг дүүрэгт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнүүлжээ.

     Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Манай дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал бол хүн амын асуудал. Зургаан аймгийн хүн амтай дүйцэхүйц иргэд Баянзүрх дүүрэгт оршин сууж байна.
330 мянган иргэний төрийн үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхэд нэгж төрийн үйлчилгээний ажилтанд ирж байгаа ачаалал нь эрс ялгаатай буюу их байна гэсэн үг. Үүнд хүрч үйлчлэхийн тулд бид бүтээн байгуулалт, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлийн үйлчилгээг аль болох иргэддээ тэнцвэртэй хүргэхийг хичээж ажиллаж байна.

Тухайлбал, сургууль цэцэрлэгийн хувьд зургаан шинэ сургууль, 11 цэцэрлэгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд барьж амжсан байна. Ингээд хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалт өсч, ачаалал багассан.
2017 онд Баянзүрх дүүрэгт 56 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгагдсан байгаа.
Үүнд 23-р хорооны бага сургууль цэцэрлэгийн цогцолор барилга, 14-р сургуулийн барилга, 1,000 хүний суудалтай спорт цогцолборын барилга, 23-р хороонд байршилтай Цагдаагийн 3-р хэлтсийн барилга зэрэг томоохон ажлуудыг 2017 онд хийж гүйцэтгэж, дуусгахаар төлөвлөж байгаа.
Томилгооны хувьд, БЗД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны аравдугаар сард зохион байгуулагдсан. Иргэдийн сонголтоор Ардчилсан нам 22, Монгол ардын нам 19 төлөөлөгч сонгогдсон дүнтэй байгаа.

Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хороо иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн байгууллагаар хэлэлцүүлж байгаа. Монгол Улсад аливаа маргааныг шүүхийн шийдвэрээр эцэслэдэг. Шүүхийн шийдвэр гараагүй байхад бид ямар нэгэн албан ёсны хариуг өгөх боломжгүй байна.

Сонгуулийн тухай хуулинд нэмэл өөрчлөлт орж, 2016 оноос эхлэн мөрдөгдсөн. Үүгээр шат шатны Сонгуулийн хороод сонгуулийн маргаантай асуудлыг шийдвэрлэдэг байсан бол Шүүх шийдвэрлэдэг болсон. Тэгэхээр олон төрлийн маргаан дээр энэ асуудал хэлэлцэгдэж байна” хэмээн тайлбарлалаа.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ХИЙГДСЭН АЖЛУУД
Нийслэл хотыг хамгийн ойроос тольдох боломжтой “Дарь-Эх” цогцолборын ажлыг дүүргийнхээ 50 жилийн ойд зориулан хийж эхлүүлжээ. Баянзүрх хайрханыг тохижуулан хайрхан хүртэлх авто замыг сайжруулан засч, амралтын сандал, сүүдрэвч, авто зогсоол, гүйлтийн болон явган хүн замыг тавьж, ногоон байгууламжийг бий болгосон.
Дүүргийн хүн амын 7.2 хувь буюу 23,883 ахмаддаа зориулан “Баянзүрх-Шижир” амралт, сувиллын газрыг барьж ашиглалтад оруулжээ. Тус амралтын газар нь нэг ээлжиндээ 120-130 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийт 2,500 гаруй ахмадыг сувилж, амраасан байна.

ДЭД БҮТЭЦ
Гэр хорооллын 39 байршлын 3,126 өрх айлыг цахилгаантай болгож, 2,908 өрхийн цахилгаан хүчдэлийн уналтыг сайжруулсан байна. Дүүргийн хэмжээнд 71.9 км хатуу хучилттай авто зам тавьж, дөрвөн уулзварт өргөтгөл хийжээ. Харин дүүрэг өөрийн санаачилгаар нийт 18 хорооны 225 гудамжны 89.7 км урт шороон замыг хусч тэгшилж засварласан.
Хог тээврийн менежментийн өөрчлөлт хийж, 28 хороог 4 бүсчлэн хог хаягдлын үйлчилгээг Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. 2013 онд нийт 37 хог тээврийн машинтай үйл ажиллагаа эрхэлж байсан бол одоо 61 хог тээврийн тусгай зориулалтын автомашинтай болжээ. Зам талбайн ажилчдын тоог долоо дахин буюу 215 болгож нэмэгдүүлснээр жилд 121,400 тн хог хаягдалыг тээвэрлэдэг болжээ.
Дүүргийн хэмжээнд 37 байршилд хүүхдийн тоглоомын талбай, бичил цэцэрлэг, тохижилтын ажлыг хийсэн. Мөн дүүргийн түүхэнд анх удаа 4,713 ширхэг гэрэлтүүлэг нэмж хийснээр, дүүргийн нийт гудамж талбайн 65 хувийг гэрэлтүүлж байна.

БОЛОВСРОЛ
Боловсролд ээлтэй дүүргээр шалгарсан Баянзүрх дүүрэг 2013-2016 онд нийт 13 цэцэрлэг ашиглалтад оруулж 2,800 хүүхдийг сурч, боловсрох боломжоор ханган 241 хүнийг ажлын байртай болгожээ. Шинээр зургаан сургуулийн байр, гурван сургуулийн байрыг өргөтгөснөөр 3,600 хүүхэд сургуульд суралцах боломжтой болж 629 багшийг ажлын байртай болгов.
Төр захиргааны байгууллага дахь анхны нийтийн номын санг Баянзүрх дүүрэг байгуулсан. Одоогоор нийт 10,000 гаруй номын фондтой. Нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%